Удирдлагын мэндчилгээ
Удирдлагын мэндчилгээ
Хүн төрөлхтөн байгалийн эрхшээлд захирагдан, түүний өмнө хүчин мөхөстөж байсан үе бий хэдий ч, ажиглалт судалгаа хийж танин мэдсэний үр дүнд нийгмийн хөгжлийг түргэтгэн өнөөгийн хөгжлийн өндөрлөгт хүрсэн билээ. Байгаль, хүрээлэн байгаа орчин, тэнгэр хангайн араншинг судалж байсан өвөг дээдсийн оюун ухаан танин мэдэхүйн өв санг шинжлэх ухааны онолоор баяжуулан орчин цагийн техник технологийн дэвшлээр гүнзгийрүүлэн хөгжүүлж судалгаа шинжилгээний алба болтлоо хөгжсөн, нэгэн зууны түүхийг бүтээлцсэн, бүтээлцэж байгаа Тэнгэр лусын харуулууд та бүхэндээ УЦУОШ-ний алба үүсч хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Эртний Грекийн эрдэмтэн Аристотель, Геродот нар агаар мандлыг ажиглан тэмдэглэл хийж байсан бол Галилей 1537 онд термометрийг, 1715 онд Фарангейнт, 1736 онд Феомюр, 1748 он Цельс, Кельвин нар өөрсдийн температурын хуваарийг тус тус зохион бүтээж байсан нь өнөөгийн бидний УЦУО-ыг шинжлэх багажнуудын эхлэл болжээ. Манай орны тухайд бол 1924 онд ХОУ-ын Эрхүү хотын Соронзон орон ба цаг уурын обсерваторын эрхлэгч В.Б. Шостаковичийг Судар бичгийн хүрээлэнгийн зардлаар Нийслэл хүрээнд урин ирүүлж цаг уурын 2 өртөөг байгуулж байсан нь орчин цагийн цаг уурын байгууллагын үндэс суурь болжээ. Удалгүй 1925 онд 4 өртөө, 1931 онд 18 өртөөг тус тус нэмж байгуулан өргөжүүлсэн бол одоо байнгын ажиллагаатай 132 өртөө, 185 хөдөө аж ахуйн цаг уурын харуулуудад нийт 1800 гаруй инженер, техникийн ажилтнууд агаар мандал, тэнгэр огторгуйг тандан судалж байна. Орос Монголын Засгийн газрын хооронд байгуулсан гэрээний дагуу 1937 онд Эрдэнэцагаан суманд “Егүзэр” нэртэй өртөө байгуулагдсан нь манай аймгийн УЦУОШ-ний албаны эхлэл болсон ба 1938 онд Баяндэлгэр суманд дараагийн өртөө байгуулагдаж өргөжин тэлсээр бид 4 өртөө 8 харуул нийт 58 ажилтан албан хаагчтай өнөр өтгөн хамт олон болж, өнөөгийн цаг үетэй золгосон ба та бид энэ сайхан түүхийн гэрч болон нэгэн зорилгын төлөө хамтран ажиллаж байна. Бидний хэрэглэж байсан багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, маш хурдацтай хөгжиж байгаа энэ цаг үед энд ажиллаж байгаа ажилтан албан хаагч биднээс цаг үеэсээ хоцрохгүй байх, ШУТ-ийн ололтыг цаг алдалгүй эзэмших зэргээр өөрсдийгөө чадавхижуулах олон талт мэдлэгийг эзэмшихийг шаардаж байгааг анзаарахгүй өнгөрч болохгүй. Хиймэл оюун ухаанд суурилсан хөгжил энэ цаг үеийг тодорхойлж байна. Хэдийгээр хүний оюун ухаан үүнийг бүтээсэн боловч энэ дэвшлээс хоцрогдвол дэлхийд хүлээн зовшөөрөгдсөн боловсон хүчин байж чадах эсэх нь эргэлзээтэй болсон зуунд бид амьдарч байна. Энэ сорилтыг даван туулах чадвар манай хамт олонд байгаа гэдэгт миний бие эргэлздэггүй, тийм ч байх учиртай.
Манай байгууллагын цахим хуудсаар үйлчлүүлж буй эрхэм таныг өөрт хэрэгцээтэй мэдээ, мэдээллийг олж авч, бидэнтэй хамтран ажиллахыг хүсье!
СҮХБААТАР АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ДАРГА Х.ЭНХБАЯР